Говь Гурвансайхан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-20 19:32:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нурууг Говь Гурвансайхан уул гэдэг.

Говь Гурвансайхан нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2846 метр юм. Энэ ууланд Ёлын Ам, Мухар шивэртийн ам, Улиастай ам, Тосонгийн ам, Дүнгэнээгийн ам зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтоцтой газрууд олон байдаг. Мөн Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар бий. Үүнээс гадна хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг. Говь Гурвансайхан уулыг 2012 оны 8-р сарын 24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн тахилгат уул болгосон. 

Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрыг 1993 онд байгуулж, Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумын нийт 2 694 307 га талбайг хамруулсан байдаг. Уг байгалийн цогцолборт газарт 48 овгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэнээс завсрын унаган ургамал 48, үлдэц ургамал 11 байна. Мөн Төв Азийн унаган Потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвс ургадаг. Үүнээс гадна жигд хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үет ургамал 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18 зүйл, сонгинотон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг байдаг. Тус бүс нутагт Монголын Улаан номд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай.

相关新闻