"Эрүүл Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд иргэдээ амьдралын зөв дадалтай болгоход түлхүү анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрүүл Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл шүд", "Сүү тараг", "Харшлын эсрэг" зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Бага насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл хоол тэжээл байдаг. Тиймээс өмнө нь бидний хэрэгжүүлж байсан "Сүү тараг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн орчны бохирдолтой холбоотойгоор харшлын гаралтай өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс "Харшлын эсрэг" гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Иргэдээ амьдралын идэвхтэй бөгөөд зөв дадал хэвшилтэй болгох тал дээр анхаарч ажиллана" гэлээ.
Байгууллага бүр, иргэн бүхэн жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт орж, өөртөө анхаарал тавьдаг болох хэрэгтэй байгаа юм. Мөн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хэдий ч шинжилгээний хариу гарсны дагуу өөрийгөө хэрхэн эрүүлжүүлэх тал дээр анхаардаггүйгээс өвчлөл хүндрэх асуудал их гардаг.
"Эрүүл шүд" хөтөлбөрийн талаар Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Энэхүү хөтөлбөрийн ажлын хэсгийн хуралдаан дээр иргэд маш сайхан саналыг дэвшүүлж байсан. Амны хөндийн эрүүл мэндийн талаар сургуулийн өмнөх насанд дадал болгох нь үр дүнгээ өгч байсан гэдгийг цэцэрлэгийн ахмад багш хэлж байсан. Амны хөндийн эрүүл мэндийн хүрээнд өвчлөл гарсан хүмүүстэйгээ л ажиллахаас хэтрэхгүй байгаа. Харин шүдээ хэрхэн хамгаалах талаар багаас нь зөв дадалтай болгочихвол энэ талаар эмчлүүлэх хүмүүсийн тоо тодорхой хугацааны дараа буураад явах юм" гэлээ.