Хэнтий аймгийн тэргүүний тариаланч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-09 11:07:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр аймаг, сумын удирдлагуудын төлөөлөл “Хэнтий аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарсан ногоочин, агрономич Цэндийн Нямсүрэнд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулан өглөө.
Ц.Нямсүрэн 1983 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Хүнсний ногооны агрономич мэргэжлээр төгсөж ирээд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газраас томилолт авч, Өндөрхааны Сангийн аж ахуйн “Ногоо” бригадад агрономичоор томилогдон ажлын гараагаа эхэлсэн байна. Тэр цагаас хойш тасралтгүй 38 жил хөдөө аж ахуй, хүнсний ногооны салбарт ажиллаж байгаа Хэрлэн сумын тэргүүний тариаланчдын нэг юм. Тэрбээр манай нөхөр механикжуулагч хийдэг, хүүхдүүд муугүй ногоочин болсон, хамтдаа ногоо тарьдаг гэлээ. Эднийх 2008 онд 30 тоннын багтаамжтай зоорь барьсан байна. Өнгөрсөн намар 10 тонн үр тариа хадгалжээ.
Ц.Нямсүрэн 2020 онд 6,3 га-д төмс, хүнсний ногоо тариалж 89 тонн ургац хураан авсан амжилт үзүүлжээ. Ингэхдээ нэг га-гаас төмс 178 центнерийг, хүнсний ногоо 168 центнерийг хураан авчээ.
Түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2008 ХХААЯ-ны “Хүндэт жуух” бичиг, 2016 онд “Сумын аварга тариаланч”, 2019 онд “Атрын 60 жилийн ойн медаль”-аар шагнасан байна.
Хэрлэн суманд 20 гаруй ногоочин аж ахуй эрхэлдэг. Сумын хэмжээнд 2020 онд нийт 2000 гаруй тонн төмс, хүнсний ногоо хурааж авсныг сумын ЗДТГ-ын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантөгс мэдээлэв. Шагнал гардуулах үеэр Хэрлэн сумын соёлын төвийн дэргэдэх "Хэрлэнгийн барьяа" хамтлагийн уран бүтээлчид аймгийн тэргүүний ногоочинд хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийнхээ дээжээс сонордууллаа.
相关新闻