Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-19 18:45:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт коронавирусний халдвартай нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрч эрүүл боллоо. 

Аймгийн Ахмадын сувиллын хяналтад байсан долоон иргэн хяналтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэнээр нийт 20 иргэн гэрийн ажиглалтад орлоо. Дээрх нийт батлагдсан тохиолдлын 197 нь бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 125 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Болзошгүй эрсдэлээс Та өөрийгөө хамгаалснаар таны эргэн тойрны хүмүүс давхар хамгаалагдана. Цар тахлын цаг хугацаанд амьдарч байгаа гэдгээ иргэн нэг бүр ухамсарлан ойлгож, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг даган мөрдөж, хэрэгжүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 770 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээн ойрын хавьтлын 1485 иргэнийг хяналтаас гаргасан байна. Мөн “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19746, бусад суманд 27587, нийт 47333 иргэнийг хамруулжээ.

Аймгийн хэмжээнд 57 цэг байршлын 22053 м2 талбайд урьдчилан сэргийлэх, нэг цэг байршлын 800 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас ирсэн 236 өрхийн 467 иргэн гэрийн ажиглалтад байна. Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 167 тээврийн хэрэгслээр 377 иргэн, орох чиглэлд 161 тээврийн хэрэгсэлтэй 350 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлсэн аж. Алтанбулаг хилийн боомтоор гарах чиглэлд УОК-ын зөвшөөрөлтэй Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж тээвэрлэн Улаанбаатар хотод буулгасан дөрвөн тээврийн хэрэгслийг жолоочийн хамт шалган нэвтрүүлжээ. Мөн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 745 вагоныг шалган нэвтрүүлсэн байна. 

相关新闻