“Шивээ-Овоо” ХК цар тахлын үеийн дадлага сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-18 17:12:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шивээ-Овоо” ХК “COVID-19” вирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар дадлага, сургуулилт хийлээ.


Дадлага сургуулилтад яаралтай тусламжийн нэгжийн эмч нар болон халдвар илэрсэн үед ажиллах ажилтнуудыг хамрагдсан юм.


Уурхайн хэмжээнд цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн болон шаардлага гарсан үед хэрэглэх “COVID-19” вирусний халдварыг илрүүлэх 1,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамаар дамжуулан авч, бэлэн байдлыг бүрэн хангажээ.


Тус аймагт одоогоор коронавирусний батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд “Шивээ-Овоо” ХК цар тахлын үед үйлдвэрлэлийг хэвийн явуулахаар “Аюулгүйн бүс” тогтоон ажиллаж байгаа.


Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, далайн түвшинээс дээш 1,200 метрт оршдог. Нүүрсний орд нь 29500.0 га талбай хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тн нүүрсний нөөцтэй. 


Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхай байгуулах шийдвэрийг 1990 онд гаргажээ. Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод 1986-1988 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12 дугаар сарын 22-нд Улсын нөөцийн комиссын тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон аж. 

 

相关新闻