Озэки Такакейшо 4 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-13 17:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй барилдаж, түүнд хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болов.


Нэг даваатай явсан Тамаваши Б.Мөнх-Оргил, Окиноүми /М-5/-тэй барилдаж цүкиотоши мэхээр давж, унаа даваа 2 болж тэнцлээ. Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-д ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Ичиножёо А.Ичинноров, Котоеко /М-11/-г ошидаши мэхээр хаяж 3 даваатай боллоо. Хошёорюү С.Бямбасүрэн, Саданоүми /М-17/-д ёрикири мэхээр ойчиж 4 унаатай болов.


Макүүчи зиндааг тэргүүлэгчдийн нэг Озэки Шодай, Котошохо /М-3/-г ошидаши мэхээр давж 3 даваа нэг унаатай Хацү башёг тэргүүлэгч Мэйсэи, Акисэяама, Дайэйшёо нарын араас 2 дугаар эгнээд явж байна. Озэки Такакейшо, Такарафүжи-гийн уватэнаге мэхэнд өвдөг шороодож  4 унаатай болов. Харин Озэки Асанояама энэ өдөр Оношо /М-3/-г ёрикири мэхээр давж 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-1/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Оношо /М-3/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тобизарюү /М-7/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Шиманоүми /М-10/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн Акисэяама /М-16/-тай тус тус барилдана.  

相关新闻