М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадамд залуу найрагч Т.Мөнх-Амар тэргүүн байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит "Хуурын эгшиг-2020" яруу найргийн наадамд залуу яруу найрагч Т.Мөнх-Амар тэргүүн байр эзэллээ.
Уламжлал болон зохион байгуулдаг уг наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын Зохиолчдын эвлэлийн "Хантайшир" салбар хороо хамтран дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Алтай нутгийн үе, үеийн зохиолч, яруу найрагчдын онгод, мэдрэмжээ хөглөж ирсэн тус наадмыг 30 дахь жилээ ийнхүү зохион байгуулж, 2020 онд бичигдсэн, хэвлэлтэд ороогүй, аливаа яруу найргийн наадамд уншигдаагүй гэсэн шалгуураар шүлгүүдийг хүлээн авснаараа онцлогтой болсон тухай Монголын Зохиолчдын эвлэлийн “Хантайшир” салбараас онцлон мэдээллээ.
“Хуурын эгшиг-2020” яруу найргийн наадамд 30 гаруй яруу найрагч оролцсоноос:
Нэгдүгээр байр: Залуу яруу найрагч Т.Мөнх-Амар "Зүрхний хөх уулс"
Хоёрдугаар байр: Залуу яруу найрагч Д.Отгонзаяа: “Би өөртөө”
Гуравдугаар байр: Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Г.Хосбаяр: “Яруу найргийн цагаар”
Тусгай байр: Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, ахмад яруу найрагч Бадарчийн Заяабаатар: “Монголыг гайхна”
Тусгай байр: Залуу яруу найрагч Лоохуузын Баасандорж: “Магнайн бичээс” шүлгүүд эхний байруудад шалгарсан байна.
Гурван аравны турш тасралтгүй зохион байгуулж ирсэн яруу найргийн наадамд шүлгээ ирүүлсэн нийт яруу найрагч, залуу шүлэгчдэдээ зохион байгуулагчдын зүгээс халуун баяр хүргэж, цаг ямагт үзэг нь хурц, үг нь мэргэн, үйлс нь гэгээн байхын ерөөл өргөлөө.
Залуу яруу найрагч Т.Мөнх-Амар
"Зүрхний хөх уулс"
Хүрээлсээр, нар ташиж, уулсын орой шуугиад
Хүүшлэх, сүүдрийнх нь үзүүр толгодыг зовнингуй хулдана
Сартай ойрхоон, ганц од улам ойртож ёлтойгоод
Салхи хуйлран босно. ууланд салхи орно...
Ганц, хоёроор өвсийг хайчилж эхэлснээ,
Газар халцарч, элэг болтол шуурна...
Хондлойд нь цас унахад л давхийн цочдог морьдын
Хоосон цанхыг дадсан юм шиг хийсгэнэ...
Чиг нь уруудаж мэдэх адууны салхин дороос
Чихээ хугартал хулмайсан азарганы нүд гялалзана...
Харанхуйгаас, түнэр шөнийг ч хаанчилж мэдэх салхинд
Хад, чулуу нь ч нөмөр, өвөртөө шургана...
Үдшээр, сүргээ багцалсан харлаг тэхийн эврээс
Үгтээсээр, үүлс цуцаад бараагүй нүүж одно...
...Анатай, манатай салхинд чагтага авах хүмүүн
Айхтар аа... гэж гүвтнээд эзэн савдагтаа залбирна...
Хат заасан өвгөдтэй, бас салхитай, хөх ууландаа
Хал, хайр хоёрын тэхий дундуур амьдарнаа...
... Хууг нь хийсгэх мэт боловч, бөхөлсөөр байдаг
Хурмаст догширох мэт боловч, номхорсоор байдаг
Зэрлэг салхи л орвол амьдрал хэвээр үргэлжлэх
Зэлүүд бус зэлүүд зүрхний хөх уулс минь