Хятадын эрдэмтэд дуунаас хурдан хөдөлгүүрийн шинэ загварыг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-12-28 18:02:14

БЭЭЖИН. /Chinese Journal of Aeronautics/. Хятадын эрдэмтэд шулуун нарийн тийрэлтэт хөдөлгүүрийн (ramjet) шинэ загварыг (sodramjet) амжилттай туршжээ. 


Хятадын шинжлэх ухааны академийн инженер, эрдэмтэд туршилтаа 9 хүртэл Махын хурдтай агаарын урсгалыг бий болгодог салхин хонгилд явуулсан байна. Энэ нь ойролцоогоор цагт 11 мянган км-тэй тэнцүү юм. Мах-ын тоо гэдэг нь агаарын нягтаас хамааран дууны хурдыг илэрхийлж буй өөрчлөгддөг нэгж юм. Туршилтын үеэр хөдөлгүүр хэвийн, хүлээгдэж байсны дагуу ажилласан байна. Хэмжилтийн үр дүнг шилжүүлэх (экстраполяци) явцдаа эрдэмтэд 16 Махын хурд авсан үед хэвийн ажиллаж чадна гэж дүгнэжээ. Энэ нь цагт 19500 орчим км-ийн хурдтай тэнцэх бөгөөд ийм хөдөлгүүртэй онгоц дэлхийг хоёр гаруйхан цагийн дотор тойрно гэж “Naked Science” сэтгүүлд онцолжээ. 


Энэхүү хөдөлгүүр нь дахин ашиглах боломжтой сансрын хөлөг, дуунаас хурдан шинэ үеийн нисэх онгоц бүтээх үндэс суурь болно гэж Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн Зиан Зунлинь мэдэгдсэн байна.


Уг хөдөлгүүр нь цэвэр устөрөгчөөр ажилладаг бөгөөд онцгой шинж чанартай хайлш ашиглан бүтээжээ. Энэ хайлшийг  шинэ үеийн тийрэлтэт хөдөлгүүрийг бүтээхийн тулд тусгайлан гаргаж авсан байна. Учир нь пуужин-сансрын салбарт ашигладаг материалууд нь шинэ хөдөлгүүрийг ажиллах үед үүсэх асар өндөр температурыг тэсвэрлэж чадахгүй юм. Мөн ерөнхий бүтэц, ажиллах зарчим нь дуунаас хурдан ердийн тийрэлтэт хөдөлгүүрүүдийнхээс эрс ялгаатай бөгөөд 1960-аад оны үед Америкийн эрдэмтдийн дэвшүүлж байсан цохилтын хүчээр асаах санааг хэрэгжүүлжээ. 

相关新闻