Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-26 12:33:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дарви сумын Эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын “Жаргалан-Алтай”, “Марал-Алтай”, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олголоо.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо хүлээлгэн өгсөн юм. 

Тус өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Есөнбулаг сумын /аймгийн төвийн/ 10 баг, тус суманд хамаардаг хөдөөгийн 2 багийн /Наран, Рашаант/ 18694 суурин хүн ам, 2300 гаруй хөдөлгөөнт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ажээ. 

Харин Дарви сум нь Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайтай, 4 баг, 491 өрхийн 1810 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Түүнчлэн мөн үеэр ЭМЯ-наас тус аймгийн 18 сумын сумын 39 багийн эмчид мотоцикл олгожээ.


相关新闻