Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн жолооч нар долоо хоногийн гэрийн тусгаарлалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийтийн халуун
усыг тодорхой цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сайтар
мөрдүүлж ажиллуулах шийдвэрийг гаргасан тухай аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит
хурал болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд байна. Тухайлбал, 2020 оны 12 сарын
31-ний өдөр хүртэл оргилуун дарс худалдан борлуулахыг зөвшөөрөв. Харин бусад
архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хоригложээ. Мөн Улаанбаатар хотод эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн энэ
үед тээврийн жолооч нараар дамжин орон нутагт халдвар тархах эрсдэл өндөр
байна. Тиймээс Завхан аймаг руу тээвэр хийх жолооч нар “PCR” шинжилгээний хариугаа
авснаас хойш 24 цагийн дотор Улаанбаатар хотоос гарч, аймагт ирээд долоо
хоногийн гэрийн тусгаарлалтын журам мөрдөнө. Тээврийн
жолооч нар GPS системийн хяналттайгаар долоо хоногийн хугацаанд гэрийн
тусгаарлалтын журам мөрдөнө. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор
сумын удирдлагуудад аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж хүргүүлэх
шийдвэрүүдийг тус тус гаргалаа” гэлээ.
Аймгийн хэмжээнд 1392 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ
хийжээ
Аймгийн
Онцгой комиссын ээлжит хурлын үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга,
хурандаа Ө.Болд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолыг
танилцуулж, Улаанбаатар хотод үүсэж буй нөхцөл байдалтай холбоотойгоор юуны
түрүүнд Улаанбаатар хотоос ирж буй зорчих хөдөлгөөний гол пост болох, Их-Уул сумын
постод онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.
Харин Эрүүл
мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн: -“Зайлшгүй шаардлагатай иргэдэд
түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд 2055 иргэн, Улиастай суманд 315 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдүүлэх зорилгоор энэ сарын 8-20-ны
өдрүүдэд төрийн албан хаагчдыг дайчлан эргүүл жижүүрт гаргаж ажиллуулсан нь их
үр дүнтэй байлаа. Цаашид ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар
хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүчийг ашиглах нь
зүйтэй” гэв. Харин Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа: -“Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд 1392 иргэнд, Улиастай суманд 570 иргэнд түргэвчилсэн
оношлуураар шинжилгээ хийлээ. Одоогоор ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй,
эерэг болон сул эерэг хариу гараагүй. Нийтийн тээврийн 49 автобусанд ариутгал
халдваргүйтгэл хийсэн” гэв.
Ачаа тээврийн хэрэгслийн судалгааг нарийн гаргахыг үүрэг болгов
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурлын
үеэр аймгийн Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал хяналтын постууд дээр ажиллаж
буй төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулахаас гадна ачаа тээврийн
хэрэгслийн судалгааг нарийвчлан гаргаж хяналт тавих үүрэг өглөө.
Завхан аймгийн
хэмжээнд өнөөдрийн байдлаар долоон постод 18 албан хаагч долоон
автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Дээрх постууд Улаанбаатар хот болон
бусад орон нутгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд нийт 752 хувийн тээврийн хэрэгслээр 2136 иргэн, 78
автобусаар 2803 иргэн, нийт 4939 иргэн иржээ. Харин согтууруулах ундаа худалдан
борлуулдаг 260 орчим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 66 тонн
архи, 76 тонн шар айраг, 20 тонн дарсыг битүүмжилсэн байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.