100 гаруй шувуунд сансрын дохио дамжуулагч болон гэрэл мэдрэгч логгер суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс хээрийн судалгааны дагуу Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт 2020 онд гүйцэтгэсэн ажлын товч тайланг танилцуулж байна.
Монголын Зэрлэг
амьтан судлах, хамгаалах төв нь Монгол орны шувуудын нүүдлийн замналыг тогтоох
судалгааг өргөн хүрээнд гүйцэтгэдэг.
Судалгааны баг
2020 оны 4-10 дугаар сарын хугацаанд 20 гаруй зүйлийн 100 гаруй бодгальд
сансрын дохио дамжуулагч болон гэрэл мэдрэгч логгер суурилуулсан байна.
Тодруулбал, Хар-Ус
нуурын "Шувуун цуглаан" хэмээх газарт 13 борцгор хотонг бөгжилсөн.
Мөн Эрдэнэбүрэн
сумын Цагаан нуур, Зэрэг сумын Холбоо нуур, Хар-Ус нуурын Шувуун цамхаг хэмээх
газарт шовтгор алаг нугас гурав, зээрд
нугас тав, итгэлгэн цахлай хоёр, ундар шумбуур, хар хөгчүү, шөвгөн хараалж,
темминкийн элсэг, дэрсний жиргэмэл зэрэг шувуунаас тус бүр нэг бодгаль барьж
бөгжилсөн байна.
Үүнээс хоёр
борцгор хотон, гурван шовтгор алаг болон таван зээрд нугас шувуунд сансрын
дохио дамжуулагч зүүж, нүүдлийн замыг тодорхойлохоор одоо ажиллаж байна.
Судалгааны ажлын урьдчилсан
үр дүнгээр дохио дамжуулагчтай борцгор хотонгийн хоёр ангаахай есдүгээр сарын
сүүлээр үүрлэсэн газраа орхиж намрын нүүдлээ эхэлсэн.
Улмаар 7-10
хоногийн хугацаанд буюу 10 дугаар сарын дундуур БНХАУ-ын Шар мөрний цутгал,
Бохай буланд очиж суурьшсан. Тус газраас
12 дугаар сарын эхээр урагшилж эхний шувуу Зэжан мужийн Венжоу буланд хүрч суурьшсан.
Харин нөгөө шувуу мөн адил маршрутаар
явж Шанхай хотын хойно түр буудаллан амарч байна гэж албаны эх сурвалж
мэдээллээ.
Харин нугасны
нүүдлийн замналын тухай мэдээллээр дамжуулагчтай шувууд 2020 оны 10 дугаар сарын
дундуур нүүдлээ эхлүүлэн БНХАУ-ын Шинжаан мужийн Бостон нуурт ихэнх нь хүрч
очоод буй.