Цагдаагийн газарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуяг аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр “Ирэх 4 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажилд Цагдаагийн байгууллага, алба хаагчидтай хамтран ажиллана. Мөн цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцолж байлаа.
Цаашид тус аймагт дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлэх, Мөрөн сум руу орох, гарах хөдөлгөөнд хулгайн замуудыг хаах боломж нөхцөлийг судалж, холбогдох мэдээллийг танилцуулах талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Ууганбаярт чиглэл өглөө.