Теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд цаасан хэлбэрээр хүргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-17 09:53:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас теле хичээлийг интернэтгүй, зурагтгүй, малчны хотонд үзэх боломжгүй байгаа сурагчдад цаасан хэлбэрээр хүргүүлж байна. Тус аймгийн хэмжээнд теле хичээлийг үзэж байгаа эсэх судалгаанд нийт 17406 хүүхэд хамрагдсанаас үзэж байгаа гэж 71.7 хувь, холбогдож чадаагүй хүүхэд 3469 буюу 19.93 хувь гэсэн судалгаа гарчээ.  

Сумын төв, суурин газарт амьдарч суралцдаг 18545, малчны хүүхэд, хөдөөнөөс суралцдаг 10068 байгаа гэнэ. Теле хичээл үзэх боломжгүй сурагчдад багш нар хичээлийн агуулгыг цаасан дээр буулган, нэмэлт дасгал даалгавар өгөх, мэдлэг чадварын жагсаалтыг бэлтгэж хүргүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Хөдөө байгаа сурагчидтайгаа анги удирдсан багш нар холбогдож цаасаар багийн дарга нар болон ойрхон байдаг хүмүүсээр нь дамжуулан өгч, хамтран ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Ганзориг хэлж байлаа.

 


相关新闻