Өмнөговь аймгийн багш нар ЕБС-д элсэгчдийн насыг долоон нас болгох санал гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд Боловсролын багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулж, багш нарын саналыг сонсож байна.
Увс аймгийн 19 сумын 20 цэгээс нийт 210 багш, ажилтан холбогдож, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа хэллээ. Увс аймгийн багш нар цэцэрлэгийн туслах багшийн тоог нэмэгдүүлэх, дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нартай болох, сурагчдын дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсжээ. Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран боловсролын салбарын багш ажилтан, эцэг эх, олон нийтээс анх удаа санал авч байгааг тус аймгийн багш нар сайшаалаа.
Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэллээ. ЕБС-д эмч, хоол зүйч зайлшгүй шаардлагатай байгааг багш нар онцлов. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон их, дээд сургуулийн судалгааны багт багш нарыг тодорхой хувьд нь оруулах нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд чухал болохыг хэлсэн байна. Мөн хөдөө, орон нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгоход анхаарахыг хүслээ.
Өмнөговь аймгийн 15 сумын 150 гаруй багш, ажилтан энэхүү хэлэлцүүлэгт оролцлоо. Өмнөговь аймгийн багш нарын хамгийн их дэмжиж буй гурван саналын нэг нь сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор томилдог болгох тухай байв. Дараагийн санал нь ЕБС-д элсэгчдийн насыг долоон нас болгох талаар байв. Мөн хуулийн төсөлд багш нарын цалинг нэмэгдүүлэхээр тусгаж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлэв.