Мэргэжлийн хяналтын газар халдвараас сэргийлэх жишиг орчныг бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-15 20:49:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор коронавирусний халдвараас сэргийлэх жишиг орчныг бүрдүүлжээ.

Улсын байцаагч нар хяналт шалгалтаар ажиллаж ирээд байгууллагын гадна үүдэнд байрлуулсан ангилал бүхий хогийн саванд бээлий, амны хаалт, хамгаалах хувцас зэргийг хийнэ.


Дараа нь үүдний харуулд халуунаа хэмжүүлж, гараа ариутгаад, гадуур хувцсаа ариутгах тусгай өрөөнд тайлж орхиод,  ариун цэврийн өрөөнд усанд орж, дараа нь ажлаа хийх боломжтой гэнэ.


Өөрөөр хэлбэл эрсдэлт орчинд ажилласан улсын байцаагчдыг халдвараас сэргийлэх боломжоор бүрэн хангаж, орчныг иж бүрэн тохижуулжээ. Мөн лабораторийн байцаагч нарт дээд давхарт тусдаа усанд орох орчныг мөн бүрдүүлсэн байна. 


Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 56 хүн ажилладаг бөгөөд 38 нь улсын байцаагч юм. Байцаагч нарт өдөр тутам хэрэглэх халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, ая тухтай, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлсэн удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.


相关新闻