Сумдад өвс, тэжээл хуваарилан ачуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нөөцийн болон Засгийн газраас өвөлжилт
хүндэрч байгаа аймгуудад хуваарилсан 200,0 сая төгрөгөөр өвс, тэжээл авч, 15
суманд хуваарилан ачуулж байна.
Аймгийн нөөцөд 9,230 боодол өвс, 4,450 шуудай тэжээл байсан
ба Засгийн газраас өгсөн 200,0 сая төгрөгөөр 12,000 боодол өвс, 2,375 шуудай
тэжээл худалдан авчээ.
Аймгийн нөөцийн өвс, тэжээлийг хуваарилахдаа тухайн сумын
малын тоонд уялдуулан өгч байгаа бол Засгийн газрын дэмжлэгээр ирсэн өвс
тэжээлийг цаг хүндэрсэн Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай,
Адаацаг, Дэлгэрцогт суманд ахиу хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн Дэлгэрцогт, Луус суманд тус
бүр 800, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Адаацаг суманд тус бүр 1000,
Сайнцагаан суманд 1300, Эрдэнэдалай суманд 1600, бусад 6 суманд 500 боодол өвс
хуваарилжээ.
Нэг боодол өвсийг 13,500 төгрөг, нэг шуудай тэжээлийг 14,800-16,000
төгрөгөөр борлуулах ба өвс, тэжээлийн
орлогыг “Мал хамгаалах сан”-д шилжүүлэх аж.
