Францад хөл хорих цаг тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-11 11:40:40

ПАРИС. /BBC/. Францад “COVID-19” халдварын тархалтыг үргэлжлүүлэн хязгаарлахын тулд үзвэрийн газруудыг нээх хугацааг хойшлуулж, шөнийн цагаар хөл хорихоор төлөвлөж байна.


Францад энэ оны 10 дугаар сарын сүүлээр хөл хорио тогтоосон юм. Ерөнхий сайд Жан Кастексийн мэдээлснээр, халдварын үзүүлэлтүүд Засгийн газрын урьдчилан таамаглаж байсанчлан олноор буурахгүй байгаа ажээ.


Хэдийгээр гэртээ байх дүрмийг мөрдөх хугацааг төлөвлөсний дагуу 12 дугаар сарын 15-наас цуцлах боловч тухайн өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд хөл хорихоор болжээ. Мөн хүмүүсийг олноор цугларахаас сэргийлэх үүднээс уг арга хэмжээг шинэ жилийн баярын үеэр сулруулахгүй.


Засгийн газар өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоог 5000 орчимд хүрэх үед хязгаарлалтуудыг сулруулахаар төлөвлөж байсан юм. Гэвч пүрэв гаргийн байдлаар өдөрт халдварын 10 мянгаас дээш тохиолдол илэрсэн хэвээр байгаа бөгөөд тухайн өдөрт 13750 шинэ тохиолдол бүртгэгджээ.


“Халдварын хоёр дахь давлагаа өнгөрөх хараахан болоогүй байна. Бид сонор сэрэмжээ сулруулж болохгүй. Ойрын хэдэн долоо хоногт анхаарал болгоомжоо улам дээшлүүлэх хэрэгтэй байна” гэж Ж.Кастекс пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Ж.Кастексийн мэдэгдсэнээр,

  • Иргэд орон даяар зорчих боломжтой болно
  • Хөл хорих цаг урьд нь төлөвлөж байснаас нэг цагийн өмнө эхлэх бөгөөд зул сарын баярын өмнөх өдөр сулруулна
  • Зул сарын баярыг гэр бүлээрээ тэмдэглэхийг зөвшөөрөх боловч насанд хүрсэн зургаагаас олон хүн нэг дор цуглаж болохгүй
  • Хөл хорих цагийг 12 дугаар сарын 31-ний өдөр цуцлахгүй ажээ.

Мөн шөнийн цэнгээний газар, зоогийн газрууд нэгдүгээр сарын 20 хүртэл хаалттай хэвээр байна. Онцын шаардлагагүй зарим дэлгүүрийн хувьд 11 дүгээр сарын 28-нд нээгдсэн юм. 


Францад цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 2.3 сая гаруй хүн халдвар авч, 57 мянга орчим хүн нас баржээ. 

相关新闻