Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-10 15:14:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан өчигдөр шөнө дууслаа. Хуралдаанаар  аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн Засаг дарга  Д.Бауыржан үйл ажиллагааны хөтөлбөрөө “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд үндэслэн боловсруулжээ.

Тэрээр бүрэн эрхийн хугацаандаа “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, хүний хөгжлийн, эдийн засгийн, засаглалын, ногоон хөгжлийн, сум, орон нутгийн  хөгжил гэсэн үндсэн 6 бүлэг, 22 дэд бүлгийн бодлогыг 111 зорилт,  288 дэд зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Тодруулж хэлбэл, аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг сайжруулахын зэрэгцээ иргэдийн ахуй амьдралыг үе шаттайгаар дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөлийг бий болгох, төрийн бус байгууллагыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх, төрийн албаны чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхол, хүнд суртлыг арилгахад чиглэсэн тодорхой заалтууд орсон байна.

 

相关新闻