Дорноговь аймагт сурдаг 40 оюутнаа татаж авахаар автобус явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг Улаанбаатар хотод хөл хорионд гацсан иргэдээ татан авч байна.
Энэ сарын 7-нд нийтийн тээврийн автобусаар тус аймгийн 70 иргэнийг татаж авсан бол 8-нд агаарын тээврээр 64 иргэн ирээд байна. Аймгийн Засаг даргын мэдээлж байгаагаар энэ сарын 8-ны өдөр Өмнөговь аймагт нийт 519 иргэн нэвтэрснээс 368 иргэн гэрийн ажиглалтад бүртгэгдэж, 151 иргэн ачаа тээврийн зориулалтаар нэвтэрчээ.
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж авах ажлын баг байгуулан ажиллаж байгаа юм. Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах ажлын багийн дарга хурандаа Ж.Амаржаргал "Цогт-Овоо, Даланзадгад сум, Авто тээвэр, нисэх буудал дээр шалган нэвтрүүлэх цэгүүдэд чиг үүрэг бүхий байгууллагууд өөр өөрсдийн үүргийг тусгай зөвлөмж, зааврын дагуу ажиллагааг зохион байгуулж байна" гэлээ. Ирсэн иргэд гэр гэртээ 14 хоног хөл хорионд байх бөгөөд үүнийг сум, багийн удирдлагууд хянаж байна. Мөн Улаанбаатар хотод байгаа оюутнуудаа татаж авах бэлтгэл ажлыг хийж байна. Дорноговь аймагт сурдаг 40 оюутнаа татаж авахаар энэ сарын 8-нд нийтийн тээврийн автобус явуулаад байгаа аж.