"Хүүхдэд ээлтэй миний ертөнц" цахим чуулган зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хүүхдэд ээлтэй миний ертөнц" цахим чуулганыг энэ сарын 8-нд зохион байгууллаа.
Уг чуулганд Өмнөговь аймгийн 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, төлөөлөгч хүүхдүүд нийт 150 хүн оролцлоо. Цар тахлын хөл хорионы хүнд нөхцөлд байгаа хэдий ч аймгийн удирдлагууд ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө, тэдний үгийг сонсох, дэмжих, хамтран ажиллахыг чухалчилсан юм.
Энэхүү цахим чуулганд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Р.Сэддорж нар оролцлоо. Мөн урилгаар "Хөөрхөн дэлхий" ТББ ын тэргүүн дуучин Ч.Уранхолбоо, Урлагийн сэтгэлзүйн мэргэжлийн холбооны тэргүүн В.Бэрцэцэг, аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг нар оролцож хүүхэд багачуудтай ярилцлаа.
Цахим чуулганд оролцсон хүүхдүүд орон нутгийн удирдлагууддаа хандаж үзэл бодлоо илэрхийлж, сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. Энэ үеэр удирдлагууд 2021 онд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилгыг дэмжин хүүхдийн тулгамдаж буй асуудалд анхааран ажиллахаа илэрхийллээ.