Сайжруулсан шахмал түлшний 2 дахь үйлдвэрийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлшний 2 дахь үйлдвэрийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, "Тавантолгой түлш" компани, Зүүн бүсийн үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсээд, “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. Олон хүн бүтэхгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэж байсан ч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1.5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан.
Утаа агаарын бохирдлын шууд болон дам нөлөөгөөр жил бүр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эндэж байсан судалгаа бий. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан. Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа, болж байна. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аварч, эрүүл мэндийг хамгаалах нь гарцаагүй" гэсэн юм.
Зүүн бүсийн гэгдэж буй шинэ үйлдвэр нь Налайх дүүргийн зүүн урд хэсэгт байрлаж, 1,2 дугаар үйлдвэр, мөн дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий 8 шугамтай. Цагт 90 тонн шахмал түлш дамжуулан үйлдвэрлэх 8 шугамыг БНСУ-ын "Jeil machinery" компанид үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд хал багатайг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд (коксжсон нүүрс) хүлээн авах, бутлах, шигших зэрэг үйлдвэрлэлийн процесс нь газар доор байршдаг учир орчинд сөргөөр нөлөөлөхгүй аж.
Монгол Улсын Засгийн газраас "Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай" тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан юм. Энэ дагуу жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн 5 дугаар сараас эхлүүлж өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна.
Шинэ үйлдвэр Налайхаас Хөшигийн хөндий чиглэлийн шугамаас салбарласан агаарын шугам болон дэд станцаас цахилгаанаа хангаж байна. Үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх үүднээс өндөр хурдны 100 Mbps хурдтай, 13.7 км урттай шилэн кабель татаж суурилуулах, мөн үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбох ажлыг бүрэн хийж дуусжээ.
Зүүн бүсийн үйлдвэр нь түүхий эдээ Тавантолгойн ордоос төмөр замаар тээвэрлэн авах боломж бүрдсэн, мөн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх онцлогтой аж. Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлж байна. Бүрэн хүчин чадлаар ажиллахад 800 ажилчнаар нэмэгдэж, нийт 1056 хүнийг ажлын байраар хангах юм.
Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс, "Эрдэнэс Тавантолгой" болон "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлага оролцлоо.
Гэрэл зургуудыг Б.Чадраабал