“BioNTech”/“Pfizer”-ийн вакциныг Европт хэрэглэхийг 2021 оны эхээр зөвшөөрч магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕРЛИН. /DW/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран боловсруулсан вакциныг Европт ашиглах зөвшөөрлийг 2021 оны эхээр өгч магадгүй гэж Германы Канцлер Ангела Меркель "Метрополь ФМ" радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
Тэрбээр хүн амын дийлэнх хувийг коронавирусний вакцинд хамруулж эхлэхээс өмнө "хэдэн сар шаардагдана" гэдгийг онцолсон байна. Канцлерын хэлснээр, Германд хамгийн түрүүнд өндөр настнууд, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулна.
"Энэхүү вакциныг Европт хэрэглэхийг 2021 оны эхээр баталж магадгүй. Түүнчлэн "Moderna" компанийн вакцин байгаа бөгөөд уг вакциныг бас зах зээлд гаргана" гэж Меркель нэмж хэлжээ.
Барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британи хүн амаа коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхлээд байгаа билээ. Тус улсын эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтын газар Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакциныг ашиглахыг зөвшөөрсөн юм. Эхний ээлжийн 400 мянган хүнд хийхээр төлөвлөөд буй 800 мянган тун вакциныг Бельгиэс Их Британийн эмнэлгийн томоохон 50 байгууллага руу хүргэжээ. Оны эцэс гэхэд тус улсын эрх баригчид 2.5 сая хүнийг вакцинжуулахад хүрэлцэхүйц 5 сая тунг авах аж.
Европын Холбоо энэхүү вакцинаас 200 сая тунг худалдаж авах шийдвэр гаргасан тухайгаа 11 дүгээр сарын 11-нд мэдээлжээ. Туршилтын дүнд вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлснийг “Pfizer” болон “BioNTech” компани 11 дүгээр сарын эхээр зарласан юм.