Худалдааны мэдээллийн сантай болсноор хэрэгтэй мэдээллээр цаг алдалгүй хангагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад худалдааны мэдээллийн санг энэ сарын 11-нд албан ёсоор нээх гэж байна. Үүнтэй холбогдуулан Америкийн Худалдааны танхим (АмЧам) болон Дэлхийн Банк группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хамтран “Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг хамгаалах” сэдвийн хүрээнд бизнес эрхлэгч нартай цахим уулзалт зохион байгуулав. Уулзалт мөн Монголын Бизнесийн зөвлөлд үргэлжлэн болсон юм. Уулзалтуудаар манай улсын Гаалийн ерөнхий газар (ГЕГ) Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) хооронд байгуулаад буй “Гадаад худалдааны мэдээллийн сан” цахим портал байгуулах тухай гэрээг хөндөв. Энэ талаар Дэлхийн банк группын Олон улсын корпорацийн Худалдааг хөнгөвчлөх төслийн удирдагч Д.Жигжидмаагаас тодрууллаа.
-Юуны өмнө гадаад худалдааны цахим порталтай болсноор худалдаатай холбоотой ямар ямар мэдээллийг авч харилцаж болох вэ? Яаж авч болох вэ гэдгийг тодруулна уу?
-Гадаад худалдаатай холбоотой бүхий л мэдээлэл, тэр дундаа хууль дүрэм журам, стандарт зөвшөөрөл тэдгээрийг олгодог процесс буюу үйл явцын талаар, мөн гаалийн тариф гэх мэт мэдээлэл тавигдах учир бүгдийг авч ашиглах боломжтой. Жишээ нь, бизнес болон худалдаа эрхлэгч нар хэрэгтэй мэдээллийг авахдаа хайлт хийнэ.
Тодруулбал, бараа, бүтээгдэхүүний нэр эсвэл пэтикусын кодоор хайлт хийхэд холбогдох бүх мэдээлэл гарч ирнэ. Сангийн вэб хаяг: www.mongoliatradeportal.gov.mn 2020 оны 12 сарын 11-ээс ажиллаж эхэлнэ.
-“Гадаад худалдааны мэдээллийн сан” цахим порталд худалдаа эрхлэгч нар болон холбогдох хүмүүс худалдаатай холбоотой мэдээлэл тавьж болох уу. Тавьж болох бол яаж байршуулах вэ?
-Худалдаатай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагуудын хариуцаж байгаа ажилтан, албан тушаалтан болон гаалийн мэдээлэл контент хариуцсан ажилтанд илгээж порталд байршуулж болно. Гаалийн зүгээс өөрсдийн мэдээллээ шууд тавина. Энэ санг цаашид гаалийн байгууллага хариуцаж авч явах болно.
-Портал сайт болон мэдээллийн сан нь гадаад худалдаа эрхлэгчдэд үйлчилдэг экспорт, импортын нэгдсэн "Нэг цонх"-ны үйлчилгээтэй холбоотой юу? Тэнд үйлчлүүлэхээс ялгаа, онцлог бий юу?
-Мэдээллийн сан бол мэдээллээр хангана. "Нэг цонх"-ны үйлчилгээ нь олон улсад мөрдөгддөг нийтлэг зарчмын дагуу зөвшөөрөл олгох, гэрчилгээ хэвлэн гаргах зэрэг үйлчилгээ, функцтэй байх болов уу.
Ер нь гадаад худалдаатай холбоотой бүх байгууллага цахим систем талдаа нэг түвшинд үйлчилгээний стандарт, үйл ажиллагаа нь нилээн жигдэрсэн байх шаардлагатай. Мэдээллийн сан нэг цонхны үйлчилгээ нээгдсэн тохиолдолд гарцаагүй холбогдох байх. Угаас сан нь анхдагч гэж тооцогддог юм.
-Мэдээллийн сантай болсны ач холбогдол, үр дүн юу байх вэ?
-Мэдээллийн сангийн үр дүн бол гадаад худалдаа эрхэлдэг байгууллага, ААН-үүд нэг дороос шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авна. Үүгээр нийслэлд гэхэд хотын түгжрэлд олон байгууллагаар орж цаг алдахгүй. Манай улсад жишээ нь: томоохон компаниудын хувьд, гаалийн бүрдүүлэлт яаж хийх, мэргэжлийн хяналтын байцаагч нартай хэрхэн ажиллах гэх мэт асуудлаа тусгайлан хариуцах ажилтантай байдаг бол жижиг компани юм уу хувиараа бизнес эрхэлдэг, тэгээд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй тохиолдолд эдгээрт хүн хүч, гадаад худалдааны талаарх эрхзүйн мэдлэг, мэдээлэл, дутагдах зэрэг бэрхшээл асуудал зөндөө гардаг. Тиймээс сан эдгээр бизнесийн бүлэгт илүү хэрэгтэй.
Төр, засгийн хувьд ч тэр, худалдааны салбарт ч тусдаа мэдээллээ байршуулаад тухайн байгууллага зөвхөн өөрийн чиг үүргийн дагуу ажилладаг бол сан бий болсноор төрийн ажилтнуудад мэдээлэл хайх цаг мөн багасч ажилд нь тус нэмэр болно. Олон улсын судалгаагаар санг ашиглаж байгаа хэрэглэгч нарыг тандвал 40 хувь нь төрийн алба хаагч байдаг гэж гарсан.
-Та бүхэн саяхан болсон бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтууд дээр гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийж буй, гадаад худалдааг хөнгөвчлөх талаар хийсэн судалгаа, "Цаг хугацааны тайлан"-г танилцуулсан. Энэ талаар тодруулна уу?
-“Цаг хугацааны” тайланг дуусгаад үр дүнгээ гааль болон мэргэжлийн хяналтын удирдлага, холбогдох мэргэжилтэн нарт танилцуулсан. Тайлангаар 2012 онд хийсэн тайлангийн хэмжигдсэн гаалийн бүрдүүлэлтийн хугацаанаас том ялгаа гараагүй байна. Юу хэлж байна гэхээр гаалийн бүрдүүлэлтэй холбоотой цаг хугацаа бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна Цаг хугацаа өөрчлөгдөөгүй гэдэг нь хүнд суртал, үйл ажиллагааны процесс, бичиг цаас болон хяналт тавьж байгаа арга барил хэвээр байна гэсэн үг.
Мөн энд нөлөөлөх хүчин зүйлс болох тээвэр ложистик тэр бүр сайн хөгжөөгүй, төмөр замд гэхэд вагоны хэрэгцээ нэмэгдэж буй ч товарын эргэлтээ дагаж өсөөгүйн шинж гэж хэлж болохоор байна. Гааль, мэргэжлийн хяналтад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хэрэгжиж эхлээд бараг 15 жил болж байхад гаалийн байгууллагын хувьд “улаан” төлөв буюу өндөр эрсдэлтэй компани 80-аас дээш хувийг эзэлж байна. Компаниуд энэ 15 жилийн туршид байнга зөрчил гаргаад "улаан төлөв"-т хэвээр байгаа юм уу гэхээр зөрчлийн хувь 1-3 хувьтай л байна. "Улаан төлөв"-тэй компанийн ачааг заавал биет үзлэгт хамруулдаг юм. Гэтэл судалгааны үеэр эрсдэл бага компанийг бараг ижил хугацаанд эсвэл бүр илүү богино хугацаанд шалгасан нь эрсдэлээ зөв онилж байгаад эргэлзээ төрүүлэх байдалтай байна.
Энэ талын гадаад орнуудын туршлагаас харахад хөгжингүй орнуудын "улаан төлөв"-тэй компанийн тоо 10 хувиас доош байдаг, цөөн тооны биет үзлэг хийдэг. Ийм асуудлыг хэрхэн шийдэж болох тал дээр тодорхой санал зөвлөмжийг 2 байгууллагын ажлын хэсгүүдтэй хамтран боловсруулсан. Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны ажлын хуваарьт эдгээр зөвлөмжийг тусган өгч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан нь худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодит алхам болж байна.