Хүнсний дэлгүүрүүдэд журнал гарган хөтөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас нийслэлийн орон сууц, гэр хорооллын хүнсний дэлгүүр, мухлагуудад хийсэн шалгалтаар архи, согтууруулах ундаа худалдсан зөрчил илрээгүй байна.
Учир нь, хүнсний дэлгүүрүүдэд согтууруулах ундааны бүтээгдэхүүнийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорих үед хорооны ажилтан, цагдаагийн алба хаагч нарыг байлцуулан нэг бүрчлэн тоолж, лацаджээ. Ингэхдээ хүнсний дэлгүүр бүрт журнал гарган хөтөлсөн талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байна.
Нийслэлд 9 дүүргийн 140 хороонд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас энэ сарын 15-23-нд нийт 4069 обьектыг хамруулан шалгажээ. Үүнээс хүнсний худалдааны газар 3954, хүнсний үйлдвэр цех 115 байна. Шалгалтаар нийт 3641 зөрчил илрүүлж 76.1 хувийг арилгуулсан байна.
Гэр хорооллын хүнсний дэлгүүр, хүнсний мухлагуудад халуун хэмжигч багаж олдохгүй, байхгүй байна гэсэн шалтгаанаар үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөхгүй байгаа зөрчил арилахгүй байна.
Мөн шалгалтаар "Наполеон" торт, тараг, иогурт, өндөг, хиам зэрэг хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрч, 239 нэр төрлийн 1069 ш, 13 кг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгажээ. Иймд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалалтын горим, хугацаа, хаяг шошгыг сайтар үзэж, худалдан авахыг зөвлөж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.