Д.Тунгалаг багштай 11б ангийн сурагчид ангиараа “Хүмүүн бичигтэн" болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгч Балдуугийн Шаравын нэрэмжит Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн Д.Тунгалаг багштай 11б ангийн хамт олон МОНЦАМЭ анентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалжээ.
Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Тунгалаг багштай тус хамт олон 2020-2021 оны хичээлийн жилд нийт 33 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анги хамт олноороо улс, аймаг, сум болон сургуулийн хүрээнд зохион байгуулдаг аливаа тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог ажээ.
Анги удирдсан багш Д.Тунгалаг нь Ардын боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж буй бөгөөд тус ангийг зургаа дахь жилдээ даан ажиллаж буй. Тэрээр сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгоход манлайлан оролцдог бөгөөд Гуравдугаар сургуулийн хамт олон 2019 онд Олон улсын Эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж Ногоон тугийн болзол ханган “Алтан гэрэгэ”, “Ногоон туг”-аар шагнуулахад чуал үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Монгол хэл, уран зохиолын багш Д.Долзодмаа: “Сурагчид зургаа дахь жилдээ монгол бичгийн хичээлдээ шамдан суралцаж байгаа бөгөөд “Хүмүүн бичиг” сониноо захиалан уншиж үндэсний бичгээр унших, бичих чадвараа ахиулан хөгжүүлсээр байна. 2016-2017 оны хичээлийн жилд “Тээгч түгээгч” уншлага, хичээнгүй бичгийн улсын уралдаанд ангиараа амжилттай оролцож шагналт намдугаар байрт шалгарсан. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд Монгол хэл хичээлийн улсын төрөлжсөн анги олимпиадын хоёрын даваанд дөрөвдүгээр байр эзэлж, 2019-2020 оны хичээлийн жилд “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Монголын сайхан бичигтэн -2019" уралдаанд амжилттай оролцсон” хэмээн онцлон ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хууль, Эх хэлний боловсролын бодлогыг дэмжиж Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх аймгийнхаа ЕБС-ийн сурагчдыг "Хүмүүн бичиг" сониныг захиалан хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхийг уриалсан билээ. Үүний үр дүнд "Хүмүүн бичиг" сониныг захиалан унших уншигчдын тоо нэмэгдсэн байна.