Идэш хоолоо татан авахад Шуурхай штабт хүсэлт гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-17 14:20:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Иргэд өвлийнхөө идэш, хоолыг нөөцөлдөг энэ үед Шуурхай штабт хүсэлт гаргаад зөвшөөрөл авч, идшиндээ явж болно гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 57 цэгт 143 алба хаагч 57 тээврийн хэрэгсэлтэй постод үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоод байгаа.

Өвлийн цагт дийлэнх өрх жил бүр 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр идэш хоолоо хийж, махаа нөөцөлж авдаг. Харин энэ жил иргэдийн идшиндээ явдаг энэ цаг үед "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа учраас иргэд “идэш хоолоо хэрхэн татан авах вэ” гэсэн асуудалтай тулгараад байгаа юм.

Тиймээс энэ асуултад аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ “Аймаг дотроо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харьцангуй уян хатан зохион байгуулж болно. Идэш хоолны цаг болж байна. Шуурхай штаб дээр хүсэлтээ өгөөд шийдвэрлээд явах бүрэн боломжтой” хэмээн хариулсан.

Тэрээр мөн “хорио цээрийн дэглэмийн энэ үед хүнсний хангалт хэвийн байна. Хүнсний тээвэрлэлт, татан авалт, махны тээвэрлэлт хэвийн горимоор явж байгаа. Аймгийн хэмжээнд хүнсний бараа, махны ачаа тээврийг зохицуулах түр журам гаргаад хэрэгжилтийг хангаж байна. Хүнсний болон мах, махан бүтээгдэхүүний хомстол үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна. Тиймээс иргэд тайван байж болно” гэсэн юм. 

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб ЗДТГ-ын нэгдүгээр давхарт байрлан 24 цагаар ажиллаж байгаа ажээ.  

相关新闻