Хорио цээрийн дэглэм зөрчиж хөдөлгөөн үйлдэх нь эрсдэл дагуулсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд хорио цээрийн дэглэм зөрчиж хөдөлгөөн үйлдэх нь эрсдэл дагуулсаар байна.
Говь-Алтай аймгийн Онцгой комиссын ээлжит хурал 11 дүгээр сарын 16-нд хуралдан, иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэлээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 15-нд Улаанбаатараас Ховдын чиглэлд хүнс тээвэрлэж яваа гэсэн өгүүлэмжтэй автобусанд 11 хүн зорчиж явсан зөрчил илэрсэн бөгөөд тэдний нэг зорчигч нь Говь-Алтай аймагт буужээ. Түүнийг гэртээ харьсан гэх мэдээллийг шалгаж, тухайн иргэний оршин суугаа хаягийг олж тодорхойлон гэрийн ажиглалтад оруулсан байна.
Харин бусад иргэн Ховд аймаг руу зорчиж, тэднээс шинжилгээ авахад хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарч, давтан шинжилгээнд оруулсан байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.