Амны хаалтны нөөц бүрдүүлэлтийг хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газраас орон нутгийнхаа амны хаалтны нөөц бүрдүүлэлтийг хийж эхлээд байна.
11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 32 мянган ширхэг амны хаалт нөөцөд байна. Одоогоор амны хаалтны хомсдол үүсээгүй байгаа тухай холбогдох албанаас мэдээлсэн юм. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэг удаагийн хамгаалалтын хэрэгсэл /амны хаалт, гар ариутгагч, хувцас хэрэглэл/-ийг Улаанбаатар хотоос татан авах ажил хийж байгаа аж. Онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед төрийн байгууллагуудыг халдвар хамгаалалтын ажлаа эрчимжүүлж байгууллагынхаа ажилтан, алба хаагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаагийн болон даавуун амны хаалтны нөөцийг бүрдүүлэхийг анхааруулсан юм.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн Онцгой комисс орон нутагтаа даавуун амны хаалтны нөөц бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг хангах зорилгоор оёдлын цехүүдтэй хамтран ажиллаж даавуун амны хаалтыг орон нутагтаа үйлдвэрлэж эхэлсэн билээ. Үүний хүрээнд Есөнбулаг суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Уран шувуу” оёдлын цех нийтдээ 10 мянга гаруй амны хаалт үйлдвэрлэж иргэдэд хямд өртгөөр борлуулсан юм.
Тус аймгийн ЭМГ-аас ард иргэдийг нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлж орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, өөрийн болон хайртай дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг уриалав.