ДЭМБ: Америк тивд халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРАЗИЛИА. /Reuters/. Хойд, Өмнөд Америкт “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн
хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар
150 мянгаар нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.
“АНУ-д халдварын
тохиолдлын тоо өмнө бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдсээр байгаагийн зэрэгцээ
Канад болон Мексикийн зарим мужид халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж байна”
гэж Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. “COVID-19” халдварын 10 сая тохиолдол бүртгэгдсэн
анхны улс болсон АНУ-д халдварын гурав дахь давлагаа үргэлжилж байна.
“Америк тивийн
бусад орны хувьд нөхцөл байдал сайжирч байна. Аргентин, Коста-Рика, Ямайкад
ойрын хавьтлуудыг сайтар илрүүлснээр тархалтыг хяналтад аваад байна. Мөн Карибын
тэнгисийн орнууд шаардлагатай арга хэмжээнүүдийг түргэн шуурхай хэрэгжүүлснээр
халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэхээс сэргийлсэн” гэж Пан-Америкийн эрүүл
мэндийн байгууллагын тэргүүний орлогч Ярбас Барбоса мэдээлжээ.
“Европт хязгаарлалын
арга хэмжээнүүдийг хэт эрт цуцалсан тул халдвар дахин тархах аюул нүүрлээд
байна. Төв Америкийн хувьд халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг сайтар
хэрэгжүүлсэн тул халдварын тохиолдлын тоо аажмаар буурч байна” гэж тэрбээр нэмж
хэлсэн байна.