Шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг иргэдэд анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Коронавируст халдвар "COVID-19"-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос
гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комисс өнөө
өглөө хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Өнөөдрөөс энэ сарын 13-ны өдрийг дуустал аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхгүй байх, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ долоо хоногт түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдрийг дуустал хоригложээ.
Аймгийн төвд орж гарч байгаа тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах, “Амны хаалтаа зүүж, гаргаа угаацгаая” аяныг идэвхжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, аж ахуйн нэгж байгууллагуудад цэвэрлэгээ, ариутгал хийх, орсон гарсан үйчлүүлэгчдийн бүртгэл хөтлөх ажлыг даалгасан аж.
Мөн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөгөө, зөвлөмжийг даган биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа ариутган, шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхгүй байхыг иргэдэд анхааруулжээ.