Энэ сарын 20-ноос шаардлагатай сумдад ногоон тэжээл хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилга, ИТХ-ын дэмжлэгээр тэжээлийн ургамлыг гидропоник буюу хөрсгүй тариалалтаар ургуулж, ядарч сульдсан мал болон онд оруулах малаа тэжээх туршилтыг амжилттай хийсэн талаар бид мэдээлсэн.
Ийнхүү аймгийн Засаг даргын нөөцөөс 81.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 80 тн улаан буудайн үрийг худалдан авч, 10 тн-ыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор тариалж байна. Харин үлдсэн 70 тн-ыг тусгай байранд тариалж өдөрт 5-6 тн ургац, нийт 231 тн ургац авахаар 46.0 сая төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Авсан ургацыг шаардлагатай сумдад энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хуваарилах бөгөөд ногоон тэжээлийг тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, малчдад тариалах арга зүйн сургалт зөвлөгөөг тогтмол өгч байгаа аж.
1.2 кг буудайн үрнээс 3.3-5 кг ургац авах боломжтой бөгөөд 8-10 хоногт ургалт бүрэн гүйцэж ургацаа өгөх боломжтой юм байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэрээс зах зээлийн үнээс 2000-3000 төгрөгийн хямдралтай үнээр тэжээл борлуулах гэрээ байгуулан, орон нутагт 100 тн-ын багтаамж бүхий агуулах, байр саваар ханган, борлуулалтын цэг байгуулж, тэжээл татан авах үйл ажиллагааг энэ сарын есний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэж байна.