Туул голд хийсэн үнэлгээгээр загвар төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсын ГХЯ, Азийн хөгжлийн банк, Олон улсын голуудын сан байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын голуудын 23 дахь удаагийн сипозиум энэ жил цахимаар боллоо.
Усны салбарын нийт 30 гаруй орны 400 орчим бодлого тодорхойлогч, мэргэжилтэн судлаач оролцож, дэлхийн гол мөрөн, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой тогтвортой менежмент, сав газруудад усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцав.
Цахим хурлын нээлтэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл оролцож, Монгол орны усны салбарын бодлого, үйл ажиллагаа, усны сав газрын менежментийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төлөвлөгөөг танилцууллаа.
Манай орны хувьд усны 29 сав газрыг байгуулан, менежентийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа.
БОАЖЯ-наас Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, АНУ-ын Мерилэндийн Их Сургууль, АХБ-тай хамтран Туул голын сав газрын байгаль орчин, бохирдол, доройтлын үнэлгээ хийсэн нь олон улсад сайн туршлага болж байгааг хуралд оролцогчид онцлов.
Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагаа болон тус сав газарт усны нөөцийн
нэгдсэн менежментийг боловсронгуй болгох загвар төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.