Гамшгаас хамгаалах бодлогыг сайжруулах санал, зөвлөмж боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны
ажилтны өдөрт зориулсан “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдэвт
эрдэм шинжилгээний хурал энэ сарын 12-нд НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах
сургалт, аргазүйн төвд болно.
Уг хурлыг “Гамшгаас хамгаалах бодлогын өнөөгийн байдал,
цаашид анхаарах асуудал”, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого,
хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”, “Гамшгийн үед нийгмийн эмзэг бүлгийг
хамгаалах төрийн бодлого, эрхзүйн зохицуулалтын өнөөгийн байдал”, “Монгол Улсын
гамшгаас хамгаалах стратегийн шинэчлэл”, “Гамшгаас хамгаалах бодлогод батлан
хамгаалах салбарын оролцоо”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийн
санхүүжилтэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх гарц” зэрэг сэдвээр зохион
байгуулах юм.
Мөн үеэр гамшгаас хамгаалах бодлогын онол, аргазүй, түүний өнгөрсөн,
одоо, ирээдүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт, цаашид сайжруулах арга замыг шинжлэх
ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан
холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж гаргах юм байна.
Монгол Улс дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын
сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг
судлалын хүрээлэн нь жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан
эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.