Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын адуучин аваргаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-11 11:34:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Агтана хүрээт-2020” наадмын үеэр улсын аварга шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулсан. Сүхбаатар аймагт анх удаа болсон уг тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, тус аймгийн 13 сумын шилдэг 49 адуучин оролцсоноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын адуучин Л.Манлайжаргал түрүүлжээ.

Удаах байрт Хэнтий аймгийн Батноров сумын адуучин Б.Жанчивням, Дорнод аймгийн Матад сумын адуучин Г.Баяржаргал нар шалгарчээ.

Эрийн хийморь сэргээсэн энэ сайхан нутагт ирээд газар газрын шилдэг адуучидтай өрсөлдөж түрүүлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд өмнө нь хоёр удаа улсын аварга болж байсан. Энэ удаагийн тэмцээн өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай сайхан болж өнгөрлөө. Өрсөлдөгчид ч үнэхээр ширүүн байлаа. Монгол морины соёлыг илтгэсэн, сурталчилсан олон сайхан үйл ажиллагааг үзэж, олон ч танил ахан дүүстэй боллоо. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна гэж шилдэг адуучин Л.Манлайжаргал ярилаа.  

Мөн уламжлалт “Хос морьтон”-ы тэмцээнд есөн хос оролцон өрсөлджээ. Тэднийг унаж яваа морины өнгө зүс, эдэлгээ, өөрсдийн хувцас болон морины эд хэрэгслийн гоёл чимэглэлээр нь шалгаруулдаг. Энэ жилийн тэмцээний шилдэг хосоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин Д.Амарбатын гэр бүл тодорчээ. Тэрээр, монгол хүн мориноосоо буух ёсгүй. Морьтойгоо байхад бид хаана ч газардахгүй. Хамгийн гол нь зөв эдэлж, морио чин сэтгэлээсээ хайрлаж, байнгын уналгаа эдэлгээндээ ашиглах байх хэрэгтэй гэдгийг шагнал гардах үеэрээ онцлон захижээ. 

相关新闻