Мал нядалгааны түр цэг ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 60 хувь нь гантай, 40 хувь нь гандуу гарч, Улсын онцгой комиссын эрсдэлийн үнэлгээний ажлын багийн дүгнэлтээр "Маш их эрсдэлтэй" дүгнэгдэж, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүсээд буй.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран тус аймгийн Баян-Өндөр, Баянлиг, Баянцагаан, Баянхонгор суманд хээрийн мал нядалгааны цэг нээж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид Бууцагаан, Хүрээмарал сумын дунд хээрийн мал нядалгааны нэг цэг ажиллуулахаар төлөвлөжээ.
Тус ажлын хүрээнд онд орох боломжгүй, туранхай болон нэн туранхай бог малыг дээрх цэгүүдэд гурвалсан гэрээ байгуулж, зээлээр худалдан авах ажлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулах юм байна. Онд орох боломжгүй, туранхай болон нэн туранхай бог малыг өөрт ойр цэгт борлуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа бөгөөд малчид, мал бүхий иргэд өөрийн харъяа сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Төр болон орон нутгийн зүгээс мал, мах борлуулах нэгдсэн үйл ажиллагааг дахин зохион байгуулахгүй бөгөөд малчид, мал бүхий иргэд заасан хугацаанд малаа борлуулахыг санууллаа.