Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтад 652 өрхийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-10 12:38:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын баталсан "Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ын удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагч нар Өлгий хотод шалгалт хийж байна.

Шалгалтын явц, илэрч буй нийтлэг зөрчлүүдийн талаар Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн захирагч, хошууч Т.Естайгаас тодрууллаа.


-Өлгий сумын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангуулах шалгалт хийж байгаа юм байна. Одоогоор хэдэн айл өрхөд үзлэг хийсэн вэ?

-Энэ сарын 4-9-ний өдрүүдэд явуулсан галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтад аймгийн төвийн 12 багийн 652 өрх, 3316 иргэнийг хамруулж, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалт, ухуулга сурталчилгаа хийлээ.

-Шалгалтад хамрагдсан айл өрхүүдээс хэчнээн зөрчил илрүүлэв?

-Нийтдээ 141 зөрчил илрүүлж, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Үлдсэн 131 зөрчлийг арилгах хугацаат үүрэг даалгавар өгсөн байгаа. Удахгүй биелэлтийг нь дахин шалгана.

-Айл өрх, иргэд галын аюулгүй байдлыг зөрчсөн нийтлэг ямар зөрчил гаргаж байна?

-Пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй 39 зөрчил, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй 50 зөрчил, ил задгай үнс нурам асгасан, хогийн хашлагагүй 62 зөрчил илэрсэн. Мөн бага насны хүүхдийг гэр оронд хараа хяналтгүй орхидог, зам гарцыг хааж, мухар гудамж болгосон зэрэг хэдэн зөрчил байна.

-Халаалтын улирал эхэлснээс хойш угаарын хийгээр хордсон тохиолдол бүртгэгдсэн үү?

-Өлгий сумын 12 хүн угаарын хийн хордлогын хөнгөн хэлбэрээр эмнэлэгт хүргэгдэж, зохих эмчилгээ хийлгэн гарсан байгаа.

相关新闻