Хүүхэд залуучуудад хувь хүний чадваруудыг эзэмшүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-06 21:49:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн зургаан сумын хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг олгоно гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хүүхдийг ивээх сангаас орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийг аймгийн Баянтэс, Их-Уул, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн сумуудад хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн зах зээлийн боломж хязгаарлагдмал, албан бус хөдөлмөрийн салбараас үүдэлтэйгээр өсвөр үе, залуучуудын дунд бий болсон идэвхгүй байдлыг арилгахад хамгийн их хэрэгцээтэй хувь хүний ур чадвар болон энтрепренершип боловсролыг олгох юм. Энэхүү төсөлд хамрагдаж буй хүүхэд, залууст хувь хүний суурь ур чадварууд, энтрепренершип боловсрол эзэмшүүлэх замаар тэдний сурлагын амжилтыг сайжруулж, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд нь бэлтгэх зорилготой. Энэ төсөл 2023 он хүртэл таван аймгийн 25 суманд хэрэгжих юм” гэлээ.

 

Төслийг хэрэгжүүлэгч талууд чадавхажлаа

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийг хэрэгжүүлэх талуудыг чадавхжуулах сургалт Улиастайд боллоо.

Сургалтад төслийг хэрэгжүүлэх аймгийн болон сумдын зөвлөл, хамтрагч талууд болох 30 гаруй хүн оролцлоо. Сургалтын үеэр энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн хэрэглэгдэхүүн, арга зүй, зохион байгуулалт. Багш, зөвлөх, сурагчийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд, төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө. Төслийн санал гомдлын механизм, түүнийг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмж, хүүхдийг ивээх сангийн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого зэрэг сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл өглөө. Түүнчлэн төслийн суурь судалгааны зорилго, арга зүй, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалт, тэдгээртэй холбоотой асуулт,  хариулт, хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулснаар төслийн хамтрагч талууд энтрепренершип боловсрол, хувь хүний ур чадварын талаар ойлголттой болсон. Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах боломж бүрдлээ. Мөн зорилтот сумдад суурь судалгааны бэлтгэл байдлыг хангаж, төслийн оролцогч талууд судалгааны зорилго, төлөвлөгөө, арга зүйн талаар нэгдсэн мэдээлэлтэй болсноор өөр өөрсдийн төлөвлөгөө, зохион байгуулалтыг эхлүүлэх юм. Төслийн баг, төслийн аймгийн зөвлөл, сумдын зөвлөлийн хамтын ажиллагаа бэхэжсэнээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

相关新闻