“Орос дуу хэн сайн дуулах вэ?” уралдаанд 40 орчим хүн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Орос дуу хэн сайн дуулах вэ?” уралдаан зохион байгууллаа.
Тус уралдаанд Ховд их сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн 6-12
дугаар ангийн сурагч, орос дуу дуулах
сонирхолтой иргэдийн төлөөлөл 40
орчим хүн
оролцож, авьяас ур чадвараа сорив.
Тодруулбал, гоцлол дууны төрөлд 12 хүн оролцсон. Харин хамтлаг дууны төрөлд
30 орчим хүний бүрэлдэхүүнтэй долоон хамтлаг тус бүр өрсөлдсөн аж.
Орос орны түүх, соёл,
ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулан иргэд, оюутан залуус,
сурагчдын орос хэл сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх
зорилготой энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд
аймгийн Орос хэлний төв, Ховд их сургуулийн НХСС-ийн Гадаад хэл, соёл
судлалын тэнхим хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
“Орос дуу хэн сайн дуулах вэ?” уралдааны оролцогчдын тоо, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байна
гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Тус уралдааны гоцлол дууны төрөлд, тэргүүн байрт Жаргалант сумын
гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Түвшин шалгарсан юм. Мөн дэд
байрт Лаборатори нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Н.Марал-Эрдэнэ, гуравдугаар
байрт хоёрдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Чимэдцэеэ тус тус
шалгарав.
Харин хамтлаг дууны төрөлд, тэргүүн байрт Ховд их сургуулийн “Гурван охин”
хамтлаг шалгарлаа. Мөн дэд байрт хоёрдугаар сургуулийн “Катюша” охидын хамтлаг,
гуравдугаар байрт Цаст-Алтай сургууль, тусгай байрт Нэгдүгээр сургуулийн
хамтлаг тус тус шалгарч, шагналаа гардан авсан юм.

