Тусламжийн бараа хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-06 11:58:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа өрхүүдэд тусламжийн бараа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т боллоо.  

Энэхүү тусламжийн барааг Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Б.Эрдэнэхангай, мөн сумын 1-р багийн өндөр настан Ж.Баянхүүгийн зээ нарт олгосныг аймгийн Засаг дарга гардуулан өглөө. Иргэн Б.Эрдэнэхангай нь эхнэр, 2-7 насны гурван хүүхдийн хамт амьдардаг аж. Тус гэр бүлийн таван ам бүл өнгөрсөн 3 дугаар сард гал түймрийн улмаас орон байргүй болжээ. Одоо ээжийнхээ гэрт амьдарч байгаа аж. Харин өндөр настан Ж.Баянхүүгийн зээ нар нь Орхон 6 дугаар багт нийтийн орон сууцны шийтний өрөөнд амьдардаг байна. Хүүхдүүдийн том нь 21 настай, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг аж. Тэдний ээж өнгөрсөн 8 дугаар сард нас баржээ. Үүний улмаас бага насны дүү нар нь ахынхаа асрамжид ийн иржээ. Асрамжлагч ах нь группт, долоон настай охин дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээг байнга авдаг байна. Иймээс эмнэлэгтэй ойр, төвдөө байр түрээслэж байгаа хэмээн ах нь хэллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Эдгээр өрхөд тус дэм зайлшгүй хэрэгтэй нь харагдаж байна. Хамгийн чухал харж хандах хүмүүс бол хүүхдүүд. Ж.Баянхүү гуайн зээ нарт, хөгжлийн бэрхшээлтэй тэр охинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэхээр чухал. Энэ тал дээр нь тусалъя. Бололцоотой бүхий л хэлбэрээр та бүхнийг дэмжих болно. Харин Б.Эрдэнэхангай та монгол гэрт амьдарч чадах бол хүсэлтээ өгөөрэй” хэмээн энэ үеэр хэллээ. Энэхүү тусламжийн хувцас хэрэглэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ,  Улаан загалмайн хорооноос хамтран олгож байгаа ажээ.  

  

相关新闻