"Жаргалтай амьдрал" төвд үйлчлүүлсэн иргэдийг ажлын байраар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд “Сархдаас сална аа хө” уриан дор бүх шатанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг зорилт болгосон. Үүний хүрээнд байгуулсан “Жаргалтай амьдрал” төвд үйлчлүүлсэн эхний ээлжийн 10 иргэнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзлаа.
Тус төвд 28 хоног эмчлүүлсэн иргэдийг тодорхой эрхэлсэн ажилтай болгож, амьдралд ахин хөл алдахгүй байхад нийгмийн бодит туслалцааг үзүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагын зүгээс онцгой анхаарч байгаа аж. Тиймээс эмчлүүлээд гарсан иргэдээ аймгийн албан байгууллагуудад ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлж байгаа юм байна.
Энэ ч үүднээс аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн Татварын хэлтэс тус тус нэг хүнийг жижүүрийн ажилд авахаар болжээ. Мөн “Өлзийт” МСҮТ-ийн удирдлага хоёр хүнийг ажлын байраар хангахаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ, “Одоо цагт хүний хүчинд дулдуйдаж амьдарна гэж байхгүй. Гэвч та бүгдийг архинаас татгалзаж, амьдралаа зөв замаар авч явахаар хичээж буйг дэмжиж, аймгийнхаа нэг иргэн, нэг өрх айлыг ч болов амгалан амьдруулахад тусалж ажлын байртай болгоно. Алдаагаа давтахгүй, итгэл дааж хариуцлагатай байгаарай” хэмээн сануулж байв.