Барилгын салбарынхан зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт орон сууц болон үйлчилгээний барилга олноор барьж буй. Өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын удирдах болон инженер техникийн ажилчдын хэлэлцүүлэг, зөвлөгөөн Баянхонгор хотноо болж байна.
Зөвлөгөөний үеэр барилгынхан Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан, бүрдүүлэлт, зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг найман сэдвийн хүрээнд мэдлэгээ нэмж байгаа юм. Мөн Цахим мэдээллийн санг (www.urban.gov.mn) аймгийн Ерөнхий архитектор С.Хүрэлхуяг танилцуулж байна.
Хэлэлцүүлэг, зөвлөгөөний төгсгөлд Усны аж ахуйн орчныг хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийх талаар санал хураалтыг зохион байгуулах аж.
Ташрамд дурдахад, аймгийн хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй 54 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 31 байгууллагын төлөөлөл энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож байна.