Үнийг хөөрөгдөл үүсгэвэл захиргааны шийтгэл ногдуулахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-03 13:32:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн Цагааннуур боомтыг энэ сарын 2-ны өдрөөс түр хаасантай холбоотой Баян-Өлгий аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Иймд аймгийн Засаг дарга А.Гылымхан худалдаа эрхлэгчдэд үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулан зөвлөмж хүргүүллээ.

Тус зөвлөмжид, "Гамшгаас хамгаалах тухай хуульд "гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх", Өрсөлдөөний тухай хуульд "зохиомлоор бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах», давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг" тус тус хориглосон. Иймд аймагт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв, дэлгүүр, супермаркет, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна" хэмээжээ.

Хэрвээ тус зөвлөмжийг мөрдөж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаа анхааруулсан байна. 

相关新闻