ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-03 13:45:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр эхэллээ.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож төлөөлөгчдийн ирцийг танилцуулан хуралдааны үйл ажиллагааг нээж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад настай төлөөлөгч Ж.Зоригтбаатарыг танилцуулан, тус хуралдааныг удирдуулсан. Нийт 35 төлөөлөгч 100 хувь анхдугаар хуралдаандаа оролцож байна.

Шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг өмнөх хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 3-нд хуралдуулахаар болж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна.

Хуралдааны эхэнд аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Самданцоодол сонгуулийн дүнг танилцууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ИТХ-ын 35 суудлын 22-ыг Ардчилсан нам, 11 суудлыг МАН, бие даагч нэг, ШИНЭ намаас нэг суудал тус тус авч, Ардчилсан нам олонх болсон.

Сонгуулийн хорооны тайланг сонссоны дараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, анхны тогтоолоо батлан төлөөлөгчид үнэмлэхээ гардан авлаа.

Тус хуралдаанаар хуралдааны дэгийг батлах, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах асуудлуудыг хэлэлцэх юм. Хуралдаан үргэлжилж байна. 

相关新闻