Есөнбулаг сумын өвөлжилтийн бэлтгэл 72,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-02 16:28:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын өвөлжилтийн бэлтгэл 72,2 хувьтай байна.


Тодруулбал, тус аймгийн халаалт дулааны асуудлыг “Мандал Голомт” ХХК хариуцдаг бөгөөд одоогоор тус компанийн дулаан хангамжийн бэлтгэл ажил 57,5 хувь буюу хэрэгжилтийн түвшин хангалтгүй байгаа тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв. Аймгийн төв Алтай хот буюу Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн зуухнууд 1-2 сарын түлшний нөөцийг бэлдсэн бол “Мандал голомт” ХХК 2-7 хоногийн нөөцтэй байгаа аж.

Харин “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын төлөвлөгөөт ажил 74 хувьтай, цахилгаан хангамжийг хариуцагч “Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ий төлөвлөгөөт ажил 73,3 хувьтай байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.  Цахилгаан хангамжийн асуудал өмнөх жилүүдэд 95-аас дээш хувийн хэрэгжилттэй байдаг байсан, энэ жилийн хувьд хур тунадас бага орсны улмаас “Тайшир Гуулин” УЦС-ын цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ зохих түвшинд буурчээ. Түүнчлэн УЦС өөрийн нөөц бололцоондоо тулгүүрлан дизель түлшээ бэлдэж өвлийг давах нөөцийг бүрдүүлж байна.

Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга Д.Энхчимэг: “Сумын хэмжээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 77 хувьтай байна. Энэ жил манай сумын хувьд ногоо тааруу, гандуу сумдын тоонд багтаж байгаа. Малын тарга хүч 65 хувьтай гэж дүгнэгдсэн. Зарим малчид маань зуншлага сайтай Баян-Уул, Шарга, Хөхморьт суманд отор нүүдэл хийж өвөлжихөө мэдэгдсэн. Малчид өөрсдөө 516,5 тонн өвс, 49,5 тонн тэжээл, 410,3 тонн хужир бэлтгэж өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангасан. Энэ жилийн хувьд сумын нөөцийн түвшинд ОНХС-гийн тодотгол хийгээгүй байгаа учир байсан хөрөнгө мөнгөө ашиглан 40 тонн өвсийг нөөцөлсөн. Удахгүй ИТХ хуралдаад тодотгол хийхээр тодорхой хэмжээний өвс тэжээлийг нөөцөлж бэлтгэнэ” хэмээлээ.


相关新闻