Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-03 12:33:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, академич, доктор, професор Шадавын Лувсанванданы нэрэмжит /Баянхонгор аймгийн Өлзийт сум/ Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн хамт олон 2020-2021 оны хичээлийн жилээс “Хичээнгүй сайхан бичигтэн” анги болох зорилго тавин “Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалан, үндэсний бичиг өв соёлдоо онцгой шамдан суралцаж байна.

8а ангийнхан Баянхонгор аймгийн “Хос бичигтэн” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд Монгол хэл, бичгээрээ хичээнгүй сайхан бичих болон унших уралдаанд С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг хичээнгүй сайхан бичих, тус шүлгийг уран сайхан уншиж оролцохоор анги хамт олноороо бэлдэж байгаа аж.

Анги удирдсан багш С.Жаргалсайхан нь Мэдээллийн технологийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй. Харин Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын багш Э.Мөнхдалай нь МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр 2017 онд төгсөөд өөрийн төрөлх сургуульдаа гурав дахь жилдээ ажиллаж буй.

8а ангийнхан сурлага, урлаг, спортын сайчуул ихтэй.

- 2017, 2018, 2019 оны Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний Дунд бүлгийн аварга анги

2017, 2018, 2019 оны Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний Дунд бүлгийн аварга анги

Баянхонгор аймгийн Физикийн хичээлийн багийн олимпиадад 2017, 2018 онд Тэргүүн байр

Улсын физикийн багийн олимпиадад 2018 онд тусгай байр

2019 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Шатарчин анги”

Сурагч Э.Ариунзаяа, Б.Өсөхбаяр, Г.Пүрэвсүрэн нар 2017, 2018, 2019 оны сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээний алт, мөнгөн медальтай.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Мэргэн шавь” шагайн харвааны сонгонд тус ангиас зургаан сурагч суралцдаг, шагайн харвааны багш нь аймгийн гоц мэргэн Х.Одгэрэл.

2019 онд сурагч Г.Галбаабадар, Б.Өсөхбаяр нар аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Шагайн харвааны тэмцээнд тэргүүн байрт орж, улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцжээ. Тэгвэл 2020 оны 10 дугаар сарын 24, 25-нд болсон аймгийн аварга шалгаруулах Шагайн харвааны насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд сурагч Г.Галбаабадар, Б.Өсөхбаяр, М.Галдан, М.Одбаяр, Г.Пүрэвсүрэн, О.Өлзийдаш нар багаараа амжилттай сайн оролцож зургадугаар байрт шалгарсан байна. Мөн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах Шагайн харваан тэмцээнд багаараа оролцохоор хичээлийн зав чөлөөгөөрөө бэлтгэлээ базааж байна.

相关新闻