ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны "Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ШУТИС-д өнөөдөр албан ёсоор бүртгүүлэн хүлээлгэн өглөө.
Энэ үеэр зарим тоног төхөөрөмжийг олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлсэн юм. Япон улсад 1000 инженер бэлтгэх энэхүү төслийг эхлүүлээд зургаан жил болж байна.
МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглосон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг төслийнхөн үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ШУТИС-ийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн
15 лабораторид нийт 4.1 сая ам.долларын (11.2 тэрбум төгрөг) өртөг бүхий 107
нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан
нийлүүлсэн юм.
ШУТИС-д өнөөдөр хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болох юм.
Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь олон улсын стандартын дагуу бүтээсэн, сургалтын зориулалттай, техник, технологи өндөр хөгжсөн улсуудад ашигладаг онцлогтой. Төслийн хүрээнд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжүүдийг сургалт, судалгаандаа ашигласнаар бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар олон улсын түвшинд хүрэх, сургалтын лабораториудыг шинээр байгуулж багш нар оюутнууддаа тухайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглах дадлага хийх, оюутнууд онолын мэдлэгээ бататган туршилт, судалгааг бие даан хийх боломж бүрдэж байгаа юм.