"Нээлттэй өдөрлөг"-ийн хүрээнд 350 гаруй хүнд үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хамт олон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.
Өдөрлөгийн хүрээнд үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бөгөөд тус өдөрлөгт 15-90 насны 350 гаруй эмэгтэй хамрагдсан байна.
Эмэгтэйчүүдийн эхо үзлэг 142, ургийн оношилгооны эхо найм, жирэмсний эхо 47, эмэгтэйчүүдийн үзлэг 85, эсийн шинжилгээ 12, үтрээний мазок 38 эмэгтэй хийлгэсэн бол жирэмслэлтээс хамгаалах ерөндөг 27, суулгац 10, жирэмснээс сэргийлэх тариа 13 эмэгтэйд хийж, жирэмснээс сэргийлэх эм 840, бэлгэвч 450 ширхгийг тараажээ.
Мөн өдөр долоон эх эсэн мэнд хүндрэлгүй амаржиж, умайн гаднах жирэмсний хоёр тохиолдлыг оношилж, яаралтай мэс засал эмчилгээнд оруулсан байна.
Үзлэг шинжилгээнээс гадна эмэгтэйчүүдэд "Үйлчлүүлэгчийн эрх үүрэг" ЖСА ач холбогдол, "Жирэмсний аюултай шинж тэмдэг", "Жирэмсний хяналтад орохын ач холбогдол", тасгийн үйл ажиллагааны талаар сургалт сурталчилгаа хийжээ.

