Онлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх соёлын талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо.
ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооноос Глоб интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын талаар хэлэлцэн санал бодлоо солилцох зорилгыг агуулж байгаа юм.
Залуус, өсвөр үеийнхэн нийгмийн амьдралд оролцох, сонголт хийх, хувийн болон ажил, мэргэжлийн шийдвэр гаргахын тулд хэрэгцээт мэдээллээ олж авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, дүгнэх, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, мэдсэн зүйлсээ бусдад дамжуулах зэрэг мэдээлэлтэй харьцах цогц мэдлэг, чадварт суралцах нь өнөө үед илүү чухал болжээ.Иймд тэдний мэдээлэл авах, мэдээллийг үнэлэх, бэлтгэх, бусадтай хуваалцах, дамжуулах, мэдлэг олгох, онлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх соёлыг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бодлого, үүнийг дагалдсан цогц арга хэмжээ шаардлагатай байгааг улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн боловсруулан хэрэгжүүлэх болжээ. Монгол Улсын хувьд ч уг асуудалд нэгдсэн бодлогоор хандаж, тодорхой чиг хандлага бий болгох шаардлага тулгарсан байна. Энэ ажлын эхлэл болгож уг зөвлөлдөх уулзалтаас тодорхой зорилтыг дэвшүүлж дараа дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх гарааны шинэ алхам боллоо.
ЮНЕСКО-гоос гаргасан үзэл баримтлалд “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол” гэж мэдээлэл, хэвлэл мэдээллийг хэрэглэгчийн хувьд тайлбар өгөх, мэдээлэлтэй шийдвэр гаргах, эрхийнхээ дагуу мэдээлэл, хэвлэл мэдээллийн илгээлт бүтээх, үйлдвэрлэх чадвар гэж тодорхойлжээ.
Дашрамд дуулгахад, ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол гэдгийг “Мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн хувьд тайлбар өгөх, мэдээлэлтэй шийдвэр гаргах, мөн эрхийнхээ дагуу мэдээлэл, хэвлэл мэдээллийн илгээлт бүтээх, үйлдвэрлэх чадвар юм” хэмээн тодорхойлсон байна.
Д.Өлзий