Цар тахлын улмаас еврогийн бүсийн төсвийн алдагдал 10 дахин нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-10-19 15:55:20

ЛОНДОН. /Financial Times/. Шинэ коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралтай тэмцэх шуурхай арга хэмжээ авсны улмаас еврогийн бүсийн 19 улсын төсвийн нийт алдагдал энэ онд өмнөх оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгдэж, 976 тэрбум евро буюу ДНБ-ий 8.9 хувьд хүрнэ гэж Европын комиссын цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.


Европын Төв банкнаас мэдээлснээр, еврогийн бүсийн алдагдлын өмнөх оргил үе 2010 оны эхээр тохиож байсан байна. Тухайн үед хөрөнгө оруулагчдын дунд үүссэн болгоомжлолоос үүдэлтэй хямралын улмаас энэ үзүүлэлт ДНБ-ий 6.6 хувьд хүрч өсөж, еврогийн бүсийн санхүүгийн байдлыг улам дордуулжээ.


Өнөөгийн нөхцөлд “Засгийн газруудад эдийн засгаа дэмжих, мөн урт хугацаанд учрах хохирлыг багасгахын тулд шаардлагатай хөрөнгийг зарцуулахаас өөр сонголт байхгүй” гэж “UniCredit” компанийн тэргүүлэх эдийн засагчдын нэг Марко Валли ярьсан байна.


Цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй еврогийн бүсийн эдийн засгийн уналт нь валют ашиглахтай холбоотой Засгийн газар хоорондын хэлэлцээрт /currency union/ аюул учруулж байна гэж Европын эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Паоло Жентилони өмнө нь мэдэгдсэн байна. Хямрал урьд нь таамаглаж байснаас улам гүнзгийрч, еврогийн бүсийн орнуудын эдийн засгийн хөгжлийн ялгаа улам их болж байна гэж тэрбээр хэлжээ.


相关新闻