Оны эхний есөн сард хулгайлах гэмт хэрэг 49 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-19 13:54:08

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагдаагийн газраас зарим гэмт хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тухайлбал энэ оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг 49 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 29.1 хувиар өссөн байна.  

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн өмч хөрөнгийг хулгайд алдахаас сэрэмжлэн, сонор сэрэмжээ дээшлүүлэн, дотоод нөөц боломждоо тулгуурлан хяналтын камер байршуулахыг анхааруулж байна. Байгууллага, аж ахуйн нэгжид үйлдэгдэх, хулгайн гэмт хэргийн шалтгаан нь гадна орчиндоо гэрэлтүүлэггүйгээс, цонхны бэхэлгээгүйгээс, агуулах, өрөө тасалгааны цоож, лац хүлээлцдэггүйгээс шалтгаалж байна. Мөн албан газар, ажлын байранд гаднын хүн оруулж архидан согтуурснаас, харуул манаа жижүүрийн сонор сэрэмжгүйгээс, үүрэг гүйцэтгэх чадвар хангалтгүй, ажлын хариуцлага сул. Ажлын байран дээрх шаардлагатай байх хамгаалалтын хэрэгсэл, утсан холбоо хүрэлцээгүй, цагдаагийн байгууллагаас харуул хамгаалалтын талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс тус тус шалтгаалан хулгайн гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Тиймээс тухайн албан байгууллагын харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагатай байхыг сануулж байна. Харин иргэд хүн олноор цугларсан үйлчилгээний зах, нийтийн тээврийн унаанд суухдаа, үйлчлүүлэхдээ мөнгөө урьдчилан бэлдэж байх нь их мөнгөтэй яваагаа бусдад мэдэгдэхгүй байх боломжтой. Түүнчлэн хулгайн эд зүйлс худалдан авахаас аль болох болгоомжилж аль чингэлэг, лангуу, хэнээс авснаа тодорхой мэдэж байх нь чухал шүү. Цүнх, мөнгө, гар утас, үнэт зүйлээ сайтар хадгалж явахыг хүсье. Анхаарлаа нэг зүйлд хэт төвлөрүүлснээс болж сонор сэрэмжээ алдуузай гэдгийг иргэдэд дахин анхааруулж байна гэж аймгийн Цагдаагийн газраас дуулгав.  

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсжээ

Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 15 гэмт хэрэг үйлдэгджээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хэргээр буюу 25 хувиар өсжээ. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 30 хүнийг хамгаалалтад авсан нь өмнөх оны мөн үеэс 7 хүнээр буюу 30.4 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд автсан 14 хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс нэг хүнээр буюу 27.3 хувиар тус тус өсжээ. Тиймээс гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар 102, 107, 108 дугаарын утсанд яаралтай хандаарай гэж зөвлөж байна.

Иргэн таны утас нэгжгүй байсан ч дээрх дугаарууд руу залгах боломжтой юм. Хүүхдүүд бол эцэг эх та бүхний хайрын бэлэг юм. Тиймээс тэдэндээ хүчирхийллийн хар сүүдэр бүү тусгаарай гэсэн уриатайгаар аймгийн 24 сумын цагдаагийн алба хаагч нар арга хэмжээ зохион явуулж байгаа. Тухайлбал Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын I, II  сургуулийн ахлах ангийн болон дотуур байрны сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, хүчирхийллийн дуудлага мэдээллийг цагдаагийн газар болон холбогдох газруудад хэрхэн шуурхай хүргэх талаар зөвлөлөө. 


Мөн сүүдэр бүү тусга аяны хүрээнд Идэр сумын Цагдаагийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрх, хүүхдийн эрхийн талаарх хууль дүрмийг танилцуулсан. Алдархаан сумын цагдаагийн хэсэг гэхэд Мандаат багийн Засаг дарга Б.Одгэрэлтэй хамтарч хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн иргэдтэй уулзаж хүчирхийлэлд өртсөн тохиолдолд авах арга хэмжээ хаана хэрхэн хандах талаарх мэдээлэл хийсэн. Ер нь иргэн бүр эрх үүргээ ухамсарлаж, үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаасай.

Таны амьдарч буй газар хаана ч, хэзээ ч хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй үйлдэл ажиглагдах юм бол бусдын хэрэг гэж ойшоохгүй өнгөрмөөргүй байна. Түүнийхээ оронд холбогдох газрууд руу буюу дээрх тусгай дугаарууд руу яаралтай залгаж мэдээлэхийг хүсэж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

相关新闻